“ЭМ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ

2022 оны 11-р сарын 3 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль, Монголын Эм зүйн Байгууллагуудын Нэгдсэн Эм Холбоо(МЭЗБНЭХ)-ны Дархан-Уул аймаг дахь салбар “Эм холбоо”-оос хамтран “Эм зүйн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2022 оны 9-р сарын 23-нд амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурлын зорилго нь орон нутаг дахь эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд нотолгоотой мэдээллээр хангах, нотолгоонд суурилсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, гарц шийдлийг тодорхойлох, сайн туршлагыг 
түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх байлаа. Хурлыг нээж АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны дарга, МЭЗБНЭХ-ны Дархан-Уул аймаг дахь салбар “Эм холбоо”-ны тэргүүн О.Отгонтогоо нээж үг хэлэв. 
Хуралд зочин илтгэлээр:
• “Дархан-Уул аймгийн Эм хангамжийн салбарын үүсэл, хөгжил” сэдвээр Тэргүүлэх зэргийн эм зүйч, клиникийн профессор Х.Оюунбаяр 
• “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч П.Даваацэрэн 
• “Эм хангамжийн байгууллагад мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгүүд, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн Ж.Урангоо
• “Эмийн санд тулгамдаж буй нийтлэг асуудлууд” сэдвээр Энхийн тун эмийн сангийн Эм зүйч Б.Оюунчимэг нар оролцлоо.
Үндсэн илтгэлээр:
• Дархан-Уул аймгийн ахмад настнуудын эмийн хэрэглээний судалгаа. Д.Мөнх-Эрдэнэ, Ч.Зээнямбуу, О.Отгонтогоо
• Эм зүйн цахим сургалтад виртуал хичээлийг ашиглах боломж. Х.Оюунбаяр, Г.Оюунцэцэг, Д.Мөнх Эрдэнэ
• Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэглэсэн нянгийн эсрэг эмийн судалгаа. А.Дэлгэрмаа, Ц.Оюунчимэг, Б.Болортуяа, Э.Сарангоо, Х.Оюунбаяр, Д.Мөнх-Эрдэнэ
• Эмийн сангийн ажилтнуудын ажлын байран дахь сэтгэл ханамжийн судалгаа. Б.Хулан, П.Даваацэрэн нар илтгэл хэлэлцүүллээ. Энэхүү хурлын үндсэн илтгэл хэлэлцүүлсэн судлаач нарт Монос Дархан ХХК ивээн тэтгэн Эмийн лавлах номоор шагнаж урамшуулав.
“Эм зүйн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлууд” хэлэлцүүлэг: Хэлэлцүүлэгт Дархан Эм Холбооны удирдах зөвлөлийн төлөөлөл /7 гишүүн/, эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөл /3 эм ханган нийлүүлэх байгууллага/, эмийн сангийн төлөөлөл /23 эмийн сан/ болон Эрүүл мэндийн газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.Мөнхбаатар нарын 40 гаруй мэргэжилтнүүд оролцов. 
Хэлэлцүүлгээс гарсан нийтлэг тулгамдсан асуудал:
• ЭМД-ын эмийн үнийн хөнгөлөлттэй холбоотой эмийн сангуудын үнийн алдагдал, эдийн засгийн хүндрэл 
• Тусгай зөвшөөрлийн үед шаардагдаж байгаа бичиг баримтууд, тэдгээрийн зөрчил
• Эмийн сангийн байршил, ажилтнуудын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ёс зүйн асуудал зэрэг байв. Эдгээр асуудалд Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн Ж.Урангоо, Монос ХХК-ийн орон нутаг хариуцсан захирал Л.Цолмонгэрэл, Эрүүл мэндийн газрын орлогч дарга М.Мөнхбаатар нар холбогдох тайлбарыг хийлээ. Хэлэлцүүлгээс МЭЗБНЭХ-ны Дархан-Уул аймаг дахь салбар Эм холбоо, Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтнүүд цаашид нягт хамтран ажиллаж, төр хувийн хэвшлийн уялдааг хангаж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 323
  • Энэ сард: 435
  • Нийт: 410,435