2020.11.05
ДЭМБ-аас 2020 оныг Сувилахуй, Эх барихуйн жил болгон зарласантай холбогдуулан АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиас зохион байгуулдаг Эрүүл мэндийн шинжлэх ухааны олон улсын хурлыг энэ жил Сувилахуй, Эх барихуйн чиглэлээр Эрүүл Мэндийн Яам, Монголын Эх барихуйн нийгэмлэг, Сувилахуйн нийгэмлэг, Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн Газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, АШУҮИС-ийн Дорноговь, Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиудтай хамтран 11-р сарын 4,5-ны өдрүүдэд онлайнаар амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд сувилахуй, эх барихуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, дэвшилтэт технологи; сувилахуй, эх барихуйн боловсрол, судалгаа; байгууллага хоорондын хамтын ажиллагаа; цар тахлын үе дэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдал; эх, хүүхдийн эрүүл мэнд зэрэг цаг үеийн олон чухал асуудлыг хөндсөн илтгэлүүдээр Франц, Энэтхэг, Тайланд, Турк, ОХУ, Япон, Болгар, АНУ, Солонгос, БНХАУ зэрэг 11 улс, орны 34 эрүүл мэндийн байгууллага, их сургуулиас 380 орчим судлаачид оролцож, 102 илтгэл ирүүлсэнээс зочин илтгэл 6, аман илтгэл 18, е-постер илтгэл 26-г амжилттай хэлэлцүүллээ.
Энэхүү хуралд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш, Сувилахуйн шинжлэх ухааны доктор Ц.Басбиш, Монголын эх барихуйн нийгэмлэгийн тэргүүн С.Даваасүрэн, Францын Леон хотын Улаан загалмайн сувилахуйн сургуулийн олон улсын харилцааны менежер Cécile AILLERIE, Францын Мулан хотын Улаан загалмайн сувилахуйн сургуулийн лектор Agnès DOLLET, Тайландын Чанг Май их сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал, доктор, профессор Wipada Kunaviktikul, Туркийн Эгэ их сургуулийн Эх барихуйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Hafize Ozturk, Энэтхэгээс Тайланд улсад суугаа НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн бүсийн төлөөлөгчийн газрын Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн ахлах зөвлөх, доктор Vinit Sharma зэрэг эрдэмтэд, судлаачид урилгаар оролцож, зочин илтгэл танилцууллаа.