Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл

2023 оны 4-р сарын 6 өдөр

   2022-2023 оны хичээлийн жилд Сувилахуй, Эх барихуй, Эм найруулагчийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэхээр     төлөвлөн ажиллаж байна.

   МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД

   

   

   

   

   

ЭМ НАЙРУУЛАГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
  АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль нь 1969 онд сувилагчийн курс нэртэйгээр байгуулагдан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 207 дугаар тогтоолоор Сувилагчийн техник мэргэжлийн сургууль болсноос хойш одоог хүртэл түүхэн хөгжлийн дараах үе шатуудыг дамжин ирсэн. Үүнд:
•    1969 - 1972 онд Сувилагчийн техник мэргэжлийн сургууль 
•    1972 - 1978 онд Сувилагчийн сургууль 
•    1978 - 1997 онд Анагаах ухааны дунд сургууль
•    1997 - 2010 онд Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа 
Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Коллеж 
•    2010 - 2014 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 
Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль 
•    2014 оноос Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 
Дархан Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль 
Тус сургууль нь БМИҮЗ-ийн Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлээр 2001, 2007, 2018 онуудад амжилттай итгэмжлүүлж, цаашид сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх ажлыг эхлүүлснээр 2022 онд Уламжлалт анагаах ухааны сувилахуйн хөтөлбөрийг амжилттай магадлан итгэмжлүүлсэн. Мөн чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO9001:2015, байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын ISO14001:2015 стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Дархан-Уул аймгийн Анагаах Ухааны Сургууль нь Гэгээрлийн сайдын 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаар тушаалаар баталсан 117 кредит бүхий сургалтын төлөвлөгөөний дагуу Эм найруулагч мэргэжлээр дипломын боловсрол олгох сургалтын эрхийг авснаас хойш 20 жилийн хугацаанд тасралтгүйгээр сургалтын үйл ажиллагааг явуулж 890 мэргэжилтэн төгсгөн гаргажээ. Энэ хугацаанд хөтөлбөрийн шинэчлэлтүүдийг 2004, 2018, 2020 онуудад хийжээ. 
Эм найруулагч мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч тэнхим нь 2002 онд эм зүйч Х.Оюунбаяр эрхлэгчтэйгээр Эм зүйн тэнхимийг үүсгэн байгуулж, улмаар 2017 онд бүтцийн өөрчлөлтөөр Эм зүй ба Био-Анагаахын тэнхимийн багш нараас бүрдсэн Эм зүй, Био-Анагаахын тэнхим болж хөгжин сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд эм зүйч мэргэжилтэй багш нараас О.Отгонтогоо Эм зүйн ухааны доктор, Д.Мөнх-Эрдэнэ Боловсрол судлалын докторын зэрэг, О.Отгонтогоо, Д.Мөнх-Эрдэнэ, М.Энхтуяа нар эм зүйн ухааны магистр, Б.Хулан боловсрол судлалын магистрын зэргийг тус тус хамгаалсан байна.  Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж 2003 онд багш Х.Оюунбаяр,  2022 онд багш Д.Мөнх-Эрдэнэ, Б.Хулан нар тэргүүлэх зэргийн эм зүйч, 2013 онд багш О.Отгонтогоо ахлах зэргийн эм зүйч болсон байна.
  Хөтөлбөрийн хүрэх үр дүн  нь сургуулийн хөгжлийн бодлоготой нийцсэн, төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, хандлагыг тодорхойлох үйл явц  болон төгсөгч, ажил олгогч, суралцагчдын оролцоонд тулгуурласан байх бөгөөд сургалтын төлөвлөгөө ба сургалтын түвшинтэй уялдаа бүхий онол, дадлагын хэлбэрийг зохистой хослуулсан, суралцагчийн мэргэжлийн ба хувь хүний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжилтний цогц чадамжийг эзэмшсэн байдлаар тодорхойлогдоно. 
Эм зүйн тусламж нь үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлан хүн, түүний үнэт зүйлсийг хүндэтгэн үзэх үзэлд суурилсан, нийгмийн анги давхарга, баян ядуу, арьс өнгө болон шашны итгэл үнэмшлээр ялгаварлан гадуурхах үзлээс ангид байж, эрүүл болон эмгэгтэй ямар ч үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой юм. Тус сургууль нь эм найруулагч мэргэжилтнийг төгсөлтийн өмнөх сургалтаар дипломын мэргэжилтэн бэлтгэж байна. Үйлчлүүлэгчдэд эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхэд дэмжих, оролцох, хэрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгөх, сургалт явуулахад шаардагдах эм зүйн шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, хандлагыг төгсөгчдөд эзэмшүүлнэ. Төгсөгч нь онолын ба практикийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж болох ба цаашид боловсролын түвшнийг ахиулж /3+3/ хөтөлбөрөөр эм зүйн шаталсан сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцах эрхээр хангагдсан байна. 
  2018 онтой харьцуулахад 2019 онд 9%, 2020 онд 17.7%, 2021 онд 20%-аар эмийн сангийн тоо нэмэгдсэн байна. Эм найруулагч мэргэжилтний хувьд 2019 онд 1832, 2020 онд 2009, 2021 онд 2024 болж нэмэгдсэн байна. Улаанбаатар, Хангайн болон Төвийн бүсэд  нийт эмийн сангийн 88.6-89.7% үйл ажиллагаагаа явуулдаг, эм зүйчийн 74.1-89.5%, эм найруулагчийн 71.1-81.4% нь ажилладаг байна. Дархан-Уул аймаг дахь салбар АУС нь элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа Хангайн бүсээс Архангай, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгууд, Төвийн бүсээс Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд, мөн Улаанбаатар хотоос  хамрагддаг тул мэргэжилтний эрэлт, хэрэгцээтэй байх нь харагдаж байна. 2020 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 2639 эм зүйч, 2009 эм найруулагч ажиллаж байгаа бөгөөд 2019 оны байдлаар эм зүйч, эм найруулагчийн харьцаа 1.31:1, 2020 оны байдлаар 1.24:1 буюу 10000 хүн ам тутам дахь эм найруулагчийн тоо 6.1 байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад нийт эм зүйчийн тоо 15%-аар өсөж, эм найруулагчийн тоо 13%-аар буурсан үзүүлэлттэй байна 2017-2021 онуудад Монгол улсын хэмжээнд нийт 2487 эм зүйн мэргэжилтэн бэлтгэгдсэнээс 2051 нь эм зүйч, 436 нь эм найруулагч байна. Энэ  нь  5 эм зүйн мэргэжилтний 1 нь эм найруулагч мэргэжлээр төгсжээ. 
  Тус хөтөлбөрт нийт 487.9 м.кв талбай бүхий 5 лекцийн танхим, 1261.74м.кв талбай бүхий 49 хичээлийн анги, танхим, лаборатори ашиглагдаж байгаа нь 1 оюутанд ноогдох сургалтын талбайн хэмжээ стандарт, нормд нийцэж байна. 
  Эм найруулагчийн ангийн оюутнуудад зориулан дадлагын орчин болон сургалт судалгааны чиглэлээр эмийн ургамлын полигоныг нээх, хөгжүүлэх ажлыг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5.0 га талбай бүхий газрыг эмийн ургамал тарималжуулах, багш, оюутнууд дадлага, судалгааны ажил хийх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эмийн ургамлын полигоныг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр хашаажуулах, тог, ус татах, худ гаргах, зөөврийн сууцыг байршуулсан. Эмийн ургамал тариалах 6*10 метр хэмжээтэй 2 хүлэмжийг 6.9 сая төгрөгийн төсөвт өртгөөр захиалан авч Артишокийн 100 үрсэлгээг тарьж амжилттай ургуулсан. Эмийн ургамлуудын фитохимийн шинжилгээг хийх зорилгоор фитохимийн лабораторийн суурь баазыг тавьж, сокслетын аппарат (4.048.000₮), вакум ууршуулагч аппарат (9.500000₮), нунтаг савлагч машин (6.353.862₮) спектрофотометрийн аппарат (9.778.450₮) зэрэг нийт 29.680.312₮-ийн багаж төхөөрөмжийг захиалан авсан.
    Мөн үрлэн эмийн цехийг эмийн туршилт судалгаа, эм найруулагчийн ангийн дадлага хичээлийг явуулах зориулалтаар тохижуулсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2022 оноос витамин С, аньстай болон чацарганатай үрлийг 50г- аар, артишокийг 5 г-аар боож савлаж байна.

  Бид эм найруулагч хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг бичихдээ “Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн нийтлэг шалгуур, шаардлага”, “Өөрийн үнэлгээний тайлангийн бичвэрт тавих шаардлага”-ыг мөрдлөг болгон сургуулийн захирлын тушаалаар өөрийн үнэлгээний багийг бүрдүүлэн, төлөвлөгөөний дагуу ажиллалаа. Тайланг боловсруулахдаа сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн нийтлэг шалгуур, шаардлага, харгалзах хүчин зүйлүүдийг үндэслэн гарсан өөрчлөлт, шинэчлэлт, өсөлт амжилтыг судалгааны материалд тулгуурлан харьцуулан үнэлж давуу, сул тал, сайжруулах үйл явцыг бүлэг болгонд тусгаж 7 шалгуурын дагуу боловсрууллаа. 
 

 

ЭХ БАРИХУЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
   Монгол улсад эх баригч мэргэжилтнийг бэлтгэж эхэлснээс хойш эдүгээ 87 дахь жил, тус сургууль нь эх барихуйн хөтөлбөрийг 2007 оноос анх эхлүүлж 16 жилийн турш хөтөлбөрийг тасралгүй хөгжүүлж, 972 эх баригч бэлтгэж бэлтгэж төвийн болон хойд бүсийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг хангасаар ирсэн. Энэ хугацаанд хөтөлбөрийн хөгжил, шинэчлэлүүдийг 2010, 2014, 2016 (2018) онуудад нийгмийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын хэрэгцээнд тулгуурлан сайжруулж үр дүнд суурилсан сургалтыг зохион байгуулж байна.

  Бид мэргэжилтний цогц чадамжийг ДЭМБ-ын бодлого, стратеги, ЭБОУН-ийн эх барихуйн боловсролын даяар стандарт, боловсролын тухай хууль, дээд боловсролын тухай хууль, эрүүл мэндийн тухай хуулийн зүйл заалтуудад нийцүүлэн Канад улсын “CanMeds 2015” зарчим дээр суурилан олон улсын мэргэжлийн ангиллын стандарт (ISCO-08, 2222), Франц улсын эх баригч мэргэжилтний цогц чадамж зэрэг бичиг баримтыг үндэслэн Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоо, өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурлан үе шаттай боловсруулсан. Эх баригч мэргэжлээр суралцаж төгсөгч нь нийт 68 мэдлэгтэйгээр 124 ур чадварыг эзэмшин 33 хандлага төлөвшсөн 6 чадамжтай мэргэжилтэн байхаар тодорхойлсон. 

“  Үр дүнд суурилсан эх барихуйн сургалтын загвар” сэдвээр АУ-ны доктор Б.Баясгаланмөнх эрдмийн зэрэг хамгаалж, судалгааны үр дүнг эх барихуйн хөтөлбөрт хэрэгжүүлж байна.  Францын Мулан хотын Сувилахуйн сургууль, Клермонт Феррантын Эх барихуйн сургуулиудад багш солилцоо хөтөлбөрт хамрагдсан багш нар эх барихуйн  хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын эмнэлзүйн дадлагын хичээлд портфель хавтсыг нэвтрүүлж, амаржих газрын эх баригч-ментор багш нар дадлагыг удирдан явуулдаг.  
Эх барихуйн Сургалтын SPICES-T загварыг ашиглан SCORPIO аргаар эмнэлзүйн сургалтыг зохион байгуулдаг бөгөөд сургалтад багшаар удирдуулан тайлбарлан харуулах арга, тонгоруу сургалтын арга, гардан хийх дахин давтах арга, дасгалжуулан зааварчлах арга, асуудлыг илэрхийлэх арга, бүлгийн хэлэлцүүлэг, үйл ажиллагаа, тохиолдол судалгаа, сургалтын зорилгоор дүрд тоглох зэрэг аргуудыг ашиглаж байна.Сургалтын төлөвлөгөөний дагуу суралцахуйн үр дүнг хичээл бүрээр эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг тусгаж, хичээл хоорондын залгамж, уялдаа холбоог хангасан. 

  Эх барихуйн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг мэргэжил арга зүй болон чанарын удирдлагаар ханган, үр дүнг тооцож, сургалтын хөтөлбөрийг дотоодын, олон улсын хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор 2017 оноос хөтөлбөрийн дэд хороо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Хөтөлбөрийн дэд хороо нь сургуулийн удирдлага, эрдэмтэд, тэнхим, багш, ажил олгогчид, төгсөгчдийн төлөөлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ хугацаанд Эх барихуйн мэргэжилтний цогц чадамж, хичээлийн хөтөлбөрүүд, ХНХЯ-ны чадамжид суурилсан техникчийн сургалтын багц хөтөлбөрүүд, Уламжлалт анагаах ухааны сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөр, мэргэжилтний цогц чадамжуудыг хэлэлцэж Уламжлалт анагаах ухааны сувилагч хөтөлбөрийг 2022 онд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлүүлсэн.  

    Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн 5 тэнхимийн 40 багш оролцдог бөгөөд багш нарын 28.8 хувь доктор, түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой. Албан тушаалын хувьд багш нарын 4.8 хувь дэд профессор, 40.2 хувь ахлах багш, 38.1 хувь нь багш, 17.4 хувь дадлагажигч багшийн албан тушаалд ажилладаг. Дадлагажигч багш, багш 3 жил тутамд, ахлах багш, дэд профессор багш нар 4 тутамд багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдаж, тэнхимийн талст загварын дагуу албан тушаалын шатлал ахидаг. Цаашид эмнэлзүйн тэнхимд дэд профессор, профессор багшийн албан тушаалд ажиллах, эрдмийн зэрэг цолтой багшийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байна.   

  Эх барихуйн хөтөлбөрөөр элсэгчид Монгол улсын Засгийн газрын 321-р тогтоолоор сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлтөд хамрах боломж бүрдсэн нь хөтөлбөрийг сонгон суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болсон. 2017 оноос оюутны хөгжил, төлөвшил, нийгэмшлийг дэмжих Сайн санаа-Сайхан сэтгэл хөтөлбөр, Эх барихуйн хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын “Эх баригч”, “Сайн хүүхэд”, “Baby” клубүүд тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг. 

  Орон нутгаас суралцагч 300 оюутан хүлээн авах хүчин чадалтай улсын тэргүүний дотуур байр, оюутны эрүүл мэндийг дэмжих Сайн санаа-Сайхан сэтгэл эмнэлэг, сэтгэл зүйн төв үйл ажиллагаа явуулдаг. Оюутны өөрөө удирдах байгууллага Оюутны зөвлөл, оюутны сонирхлын бүлгээр нэгдсэн 19 клуб үйл ажиллагаагаа явуулдаг. Оюутны клубийн үйл ажиллагааг дэмжиж, оюутны санаачилгатай тэтгэлэгт төслийг жил бүр зарлаж, шалгаруулан урамшуулдаг. Амжилттай суралцаж байгаа оюутнуудын сурах үйлийг урамшуулан дэмжиж, жил бүр 60 оюутанд 32.8 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төвөөр дамжуулан “Ажил олгогч эздийн холбоо”, Дархан-Уул аймгийн “Хөдөлмөр халамж үйлчилгээний газар”-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд оюутнуудыг хөдөлмөр эрхлэхэд нь зуучилдаг бөгөөд жилд дундаар 30 гаруй байгууллагад 60-70 оюутан дунджаар 26.500.000 төгрөгийн орлоготой ажилладаг.  

  БШУЯ-ны Дээд боловсролын шинэчлэл төсөл, IRIM судалгааны хүрээлэнгээс боловсруулсан их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах “Төгсөгчдийн мөшгөх судалгаа”, “Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа”-ны арга, аргачлалаар 2017 онд төгсөгчдийн мөшгөх судалгаа I, төгсөгчдийн мөшгөх судалгаа II, ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаануудыг тогтмол зохион байгуулан оролцогч, сонирхогч талууд, ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд дүн шинжилгээ хийдэг. Төгсөгчид, ажил олгогчдоос авсан сэтгэл ханамжийн судалгааны үр дүнд тулгуурлан эмнэлзүйн дадлага сургалтыг эмнэлзүйн орчинд зохион байгуулах, заах арга зүйг сайжруулах, хөтөлбөрийн үнэлгээ болон сайжруулалтад ажил олгогч, төгсөгчид болон сонирхогч байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна. 

  Бидний хэрэгжүүлж байгаа эх барихуйн хөтөлбөр нь суралцагчийн тасралтгүй хөгжлийг хангах, оролцогч талуудын тэнцвэрт байдлыг хадгалсан, агуулгын хувьд нэгдмэл байдалтай, арга зүй зохион байгуулалтын хувьд танин мэдэхүйн зүй тогтлын дагуу оюутны сургалтаар эзэмших мэдлэг, гардан хийх ур чадвар, эмнэлзүйн ур чадвар эзэмших, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг бүрдүүлсэн, төгсөн гарч буй мэргэжилтэнд шаардлагатай ур чадвар, дадлыг бий болгоход чиглэгдсэн, шийдвэр гаргах арга зүйг эзэмшүүлэх цогц чадамжтай болно. 

 

Сувилахуйн хөтөлбөрийн танилцуулга

     Дэлхий даяар сувилагчдын хомсдол үүсэж, нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо хэт ихэсгэж, сувилагчийн ажлын ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2021 оны эрүүл мэндийн үзүүлэлтэд Монгол улсын 3.312.3 мянган хүн амд 13.473 сувилагч сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартад 1 эмчид ноогдох сувилагчийн тоо олон улсад 3-4 сувилагч, харин монгол улсад 1:1.0 байгаа нь сувилахуйн хөтөлбөрийн нийгмийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. Бид 1969 онд анх байгуулагдсан цагаас сувилахуй хөтөлбөрийг эхлүүлж 54 жилийн турш сувилахуйн хөтөлбөрийг хөгжүүлж, сургалтыг тасралтгүй явуулж 5469 сувилагч бэлтгэж төвийн болон хойд бүсийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг хангасаар ирсэн. Энэ хугацаанд сувилахуйн хөтөлбөрийн хөгжил, шинэчлэлүүдийг үе шаттай хийсээр ирсэн. Тухайлбал 2010, 2014, 2016 онд нийгмийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын хэрэгцээнд тулгуурлан хөтөлбөрийг шинэчлэлүүдийг хийсэн.   

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020