Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиас орон нутаг дахь их, дээд боловсролын байгууллагуудын хүрээнд зохион байгуулдаг “Дээд боловсролын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлыг 9 дахь жилдээ Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Их дээд мэргэжлийн сургуулиудын консорциум, Монгол Улсын Их Сургуулийн Баруун бүсийн их сургуультай хамтран 2025 оны 11-р сарын 07-ний өдөр “Хөтөлбөрийн шинэчлэл-Цахим төгөлдөршил” сэдвийн дор зохион байгууллаа.
Тус хурлыг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх нээж, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Янжмаа хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн багш судлаачдад мэндчилгээ дэвшүүлэв. Хурлын эхэнд “Дээд боловсролын шинэчлэл, хөтөлбөрийн үнэлгээ, судалгааны их сургууль" сэдвээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан технологийн газрын дарга, АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр зочин илтгэлээр оролцлоо. Хурлын шүүгчээр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн анагаахын суурь боловсролын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Мэндхүү, эм зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Мөнх-Эрдэнэ, суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш, доктор Л.Ариунаа нар ажиллаж, шилдэг илтгэлээр 1-р байранд ХААИС-ийн Дархан-Уул аймаг салбар сургуулийн судлаачид Ц.Бурмаа, Б.Дагинас, П.Мэнд-Амгалан нарын “Монгол улсад зэргийн бус сургалтын эрэлт хэрэгцээ, нөхцөл байдал ба хөгжлийн боломж”илтгэл, 2-р байранд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн судлаачид Б.Баатархуяг, А.Батзул, Э.Бямбасүрэн, Б.Мэндхүү нарын “Конструктивизмын онолын үзэл баримтлалд тулгуурлан хүний биеийн бүтэц зүй хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах нь” илтгэл, 3-р байранд АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн судлаачид С.Сарнай, Б.Ойгончимэг, Т.Маралмаа, Д.Нарантунгалаг нарын “Анагаах ухааны сургалтын хөтөлбөр дэх эм судлал хичээлийн тухай” илтгэл шалгарлаа. Хуралд хөдөө орон нутгийн 14 их, дээд сургууль, байгууллагын 37 судалгааны бүтээл ирүүлсэн ба нийт оролцогчдодоо болон илтгэгч нартаа хурлыг зохион байгуулагчдын зүгээс халуун талархал илэрхийлж, эрдэм номын ажилд нь өндөр амжилтыг хүсье!