АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Сувилахуйн тэнхим, НЭ-ийн Сувилахуйн албатай хамтран сувилахуйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын эмнэлэгт хийж буй дадлагын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор 2015 оноос сувилагч бүрд 1-2 оюутан шавилуулан дадлагажуулах үйл ажиллагааг зохион байгуулж, хамтын ажиллагаандаа үнэлгээ дүгнэлт өгөх, санал солилцох хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулдаг билээ. Бид энэ удаагийн хэлэлцүүлгээ “Оюутны дадлагажилтанд сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний оролцоо-хамтын ажиллагаа” сэдвийн дор 2019.12.06-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн өмнө “Шавилан дадлагажуулах сургалтын үр дүн” асуулгыг сувилагч болон оюутнуудаас авсан бөгөөд НЭ-ийн Сувилахуйн албаны дарга А.Оюун-Эрдэнэ сувилагч нараас авсан асуулгын дүнг, Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Д.Оюунцэцэг сувилахуйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудаас авсан асуулгын дүнг тус тус танилцуулж, цаашид шавилан дадлага хийхэд анхаарах зүйлсийн талаар багш нар, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд, оюутнууд харилцан санал солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр сувилагч, сувилахуйн 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд шавилуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.