Ачаалж байна

МЭНДЧИЛГЭЭ

Админ 2021 оны 9-р сарын 2 өдөр

АШУҮИС-ийн эрдэмтэн профессорууд, багш судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчид, оюутан залуус Та бүхэндээ 2021-2022 оны хичээлийн жилийн баярын мэнд хүргэе. 
https://www.flipsnack.com/BCCE6999E8C/9-1.html
АШУҮИС-ийн Хөгжлийн бодлогыг хамт олноороо хэлэлцэн боловсруулж, Дэлхийн шилдэг 1000 их сургуулийн нэг болохоор алсын хараагаа тодорхойлж, эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр манлайлан, шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, түгээх, үр дүнг амьдралд хэрэгжүүлэх судалгаанд суурилсан их сургууль болох өндөр зорилго дэвшүүлэн, хэрэгжүүлж эхлэх хариуцлагатай хичээлийн жил эхэлж байна. 
Их сургуулийн тогтвортой хөгжлийг хангахуйц эрх зүйн цогц шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлж, бодлого, бүтэц зохион байгуулалт, Эрдмийн зөвлөл, сургалт, эмнэлэг, эмнэл зүйн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах 24 дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, мөрдөн ажиллаж эхэллээ. 
Олон улсын жишигт нийцэхүйц судалгааны орчин, нөхцөлийг бүрдүүлсэн  Био-Анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, Эмнэлзүйн молекул оношилгооны төвийг байгууллаа. Манай эрдэмтэд гадаад дотоодын эрдэмтэд, судалгааны байгууллага, их сургуулиудтай хамтран шүлсэнд SARS-CoV-2-ийг илрүүлэх оношлуурыг бүтээж хэрэглээнд нэвтрүүлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үүсэж буй ачааллыг бодитой хуваалцаж байна. Цаашид салбар дундын хүрээлэнгүүдээ түшиглэн генийн болон үүдэл эсийн банк байгуулах, вакцин бүтээх технологи нэвтрүүлэх зэрэг олон улсын түвшинд  хүрсэн судалгааг хэрэгжүүлэх томоохон зорилт дэвшүүлээд байна.
Бид Монгол Улсад  их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг бүрэлдэхүүндээ шилжүүлэн авч, АШУҮИС-ийн Төв эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлгүүдийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Дэлхий дахинд корановирусийн цар тахал дэгдсэн энэ хүнд цаг үед АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг 152, АШУҮИС-ийн Төв эмнэлэгт нийт 392 ор дэлгэж, COVID-19-ийн халдвартай 3004, үүнээс нэн хүнд 200, хүнд болон хүндэвтэр 500 гаруй иргэнийг эмчилж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах бэлэн байдлыг хангаж, манлайлан ажиллаж байна.
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, доктор, профессоруудаа, 
Та бид эрдэм мэдлэгтэй, энэрэх сэтгэлтэй,  чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх үүрэгтэй билээ. Энэ хичээлийн жилд их сургуулийн үнэт зүйл болсон шилдэг багш, судлаач, эмч, оюутнуудын тасралтгүй хөгжлийг дэмжих, чадавхжуулахад онцгой анхаарч чин сэтгэлээсээ мэрийн ажиллахыг уриалж байна. Нэн ялангуяа эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдийн агуулгыг эргэн харж, үнэлэлт дүгнэлт өгөхөд АШУҮИС-ийн удирдлага, хамт олон өндөр ач холбогдол өгч байна.   Энэ ажлын хүрээнд Хүний их эмч, Нүүр амны их эмч, Монгол анагаах ухааны их эмч, Нийгмийн эрүүл мэнд судлаач зэрэг 4-өөс доошгүй сургалтын хөтөлбөрүүдийг ASIIN болон олон улсын магадлан итгэмжлэлд оруулах бэлтгэлийг хангаж, эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагаатай уялдуулан  сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх томоохон сорилтууд та биднийг хүлээж байна. 
Хэдийгээр бид сургалтын хөтөлбөрийн хүрээнд оюутнууддаа өндөр мэдлэг, чадварыг олгож байгаа боловч эрүүл чийрэг, үндэсний өв соёл, уламжлал, түүхээ дээдэлдэг, эх оронч, хариуцлагатай, төлөвшсөн, өндөр ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, амьдрах ухаанд суралцсан Сайн иргэн-сайн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болгон хүмүүжүүлэх асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай байна. Тийм ч учраас дээрх агуулгыг багтаасан сургалтын шинэ загварыг 2021-2022 оны хичээлийн жилээс үе шаттайгаар хэрэгжүүлж  эхлэх ба энэ нь манай их сургуулийн эрдэмтэн багш нарын оюуны бүтээл, Монгол Улсын дээд боловсролын салбарт жишиг болохуйц суралцахуйн үндэсний онцлог загвар байх болно гэдэгт бат итгэлтэй байна. 
Оюутан залуусаа, 
Та бүхэн сургалтын шинэ дэвшилтэт технологийг суралцахуйн үйл ажиллагаандаа чадварлаг ашиглаж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн дэлхийд өрсөлдөхүйц эмч, мэргэжилтэн болохын төлөө бүх авьяас чадвараа дайчлан суралцахыг уриалж байна.  Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай дүүргэн, Монгол Улсын бахархал болсон АШУҮИС-ийн өндөр босгоор алхан шинээр элссэн оюутан залуустаа баяр хүргэж, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье. 
Манай их сургууль үүсэн байгуулагдсаныхаа 80 жилийн ойтойгоо  2022 онд золгох гэж байна. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэсэн нь  АШУҮИС-ийн түүхэн гавьяа билээ. Их сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш, профессорууд, оюутнууд та бүгдийн эв эе, эрч хүч, эрдэм ухаан их сургуулийн маань хөгжлийн үндэс билээ.  
Хамт олон та бидний дэвшүүлсэн өндөр зорилго, эхлүүлсэн ажил үйлс бүхэн бүтэмжтэй байж, төрөлх их сургууль маань цэцэглэн хөгжиж, мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 


АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, 
профессор Н.Хүрэлбаатар

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 50
  • Энэ сард: 16,026
  • Нийт: 458,471