“Солонгон Хүүхдүүд” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, сургуулийн захиргаа, сургалтын алба, сувилахуйн тэнхим хамтран Япон улсын Эрүүл мэндийн салбарын “Олон мэргэжилтнүүдийн хамтарсан багийнхан”-ны сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг 2024.10.31-ээс 2024.11.01-ны өдрүүдэд тус сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд JICA-ын сайн дурын гишүүн, Монголын сувилагчдын нийгэмлэгийн зөвлөх, сувилагч Накатани Жүнко, Хавдар судлалын үндэсний төвийн хавдрын сувилагч Такахаши Хитоми, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн сувилагч Тошико Момокова, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хөдөлгөөн засалч Такүяа Ийда, Сэргээн засах клиник эмнэлгийн хөдөлгөөн засалч Сасахара Такаши, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн хөдөлгөөн засалч Нанба Нацүми, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг хөдөлмөр засалч Нацүко Тояа, Нийслэлийн шүд эрүү нүүр амны төвийн шүдний эрүүл ахуйч Аоки Маки нар 2024 оны 10 сарын 31-ны өдөр сувилахуйн хөтөлбөрөөр суралцагч оюутнуудад зориулан “Япон улсын сувилахуйн сургалтын тогтолцоо”, “Сувилагчийн ёс зүй”, “Төрөлжсөн сувилахуйн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо”, “Сэргээн засах сувилахуйн ба сувилагчийн үүрэг оролцоо”, “Амны хөндийн ариун цэвэр” сэдэвт эрүүл мэндийн сургалтуудыг зохион байгуулж, оюутнуудтай чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн хөдөлгөөн засалч Такүяа Ийда, Сасахара Такаши, Нанба Нацүми, хөдөлмөр засалч Нацүко Тояа нар тус сургуулийн хөдөлгөөн заслын багш Б.Баатархуяг, Л.Ганчимэг нар хамтран хөдөлгөөн заслын II болон III дамжаанд суралцаж байгаа оюутнуудад зориулсан Нээлттэй хичээл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Мэргэжилтнүүдийн орчуулагчаар тус сургуулийн сувилахуйн ангийн төгсөгч, “Солонгон Хүүхдүүд” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн М.Баяржаргал ажиллаа.