Олон улсын эх баригч нарын холбооны удирдамжид эх баригчаар суралцагчийн дадлагын хичээл нь эмнэлэгт суурилсан байхыг чухалчилсан ба эх баригч мэргэжилтний цогц чадамжийн нэг бүрдэл хэсэгт тасралтгүй суралцагч байхаар тусгасан бөгөөд эх баригчийн ажлын байрын тодорхойлолтын үндсэн чиг үүргийн нэг нь анагаах ухааны чиглэлээр мэргэжил олгох сургуульд сурч байгаа оюутнууд, шинэ төгссөн эх баригчийг дадлагажуулахад оролцоно гэж заасан.
Эх баригч мэргэжилтэн бэлтгэх оролцогч талуудын оролцоог сайжруулах, эх баригч нарын шинэ залуу үе бэлтгэх үндсэн үүргээ биелүүлэх, оюутан суралцагчид эмнэлзүйн орчинд дадлагажихад ментор багшийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн удирдлага, багш, оюутны төлөөлөл, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, Амаржих газрын эх баригч нарын бүрэлдэхүүн нийт 89 хүн оролцлоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2023 оны 04 сарын 24 -ний А/58 тоот “Шавилан сургалт зохион байгуулах тухай” тушаалаар эх баригч нарыг ментор багшаар томилон I-II дамжааны оюутнуудыг шавилуулан хуваарьлаж батламж гардуулав.
Мөн “Эх баригч мэргэжлээр суралцагч нь эмнэлзүйн ур чадварт суралцахад ментор багшийн оролцоо” хэлэлцүүлэг зохион байгуулан:
- Сургалтын орчны хувьд эмнэлзүйн дуураймал орчны багаж, төхөөрөмжийг сайжруулах, амаржих тасагт оюутны хувцас солих шкафийг чөлөөлж өгөх, ментор багш оюутанг хүлээн авахдаа дотоод журам, халдварын сэргийлэлт, хяналтын талаар танилцуулах, оюутанг шинжилгээнд хамруулах, дадлага хийх өдрийн ачааллыг тэнцвэржүүлэх
- Ментор багшийн үүргийн хувьд: онолын багш, оюутантай гурвалсан холбоонд ажиллах, үргэлж сайжруулалт хийж, үнэлэх, оюутанд зөвлөх, чиглүүлэх, эрч хүч, урам өгөх
- Портфель хавтасд заагдсан гардан үйлдлийн ур чадварыг суралцагчийн онцлог, суралцах хэв шинжид тохируулан уян хатан, эргэх холбоотой эзэмшүүлэхэд мэдлэг, чадвараа харамгүй зоруулж харилцааны эерэг хандлагаар оюутанг төлөвшүүлэх
- Оюутан ментор багштайгаа хүндэтгэлтэй харилцаж, соёлтой байж, амаржих тасгийн дотоод журманд захирагдан дадлагажих
- Эмнэлэг, сургуулийн удирдлагын зүгээс суралцах орчин, ур чадвар эзэмших таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллахад анхаарах гэсэн дүгнэлтэнд хүрлээ.