Ачаалж байна

“Сувилахуйн ур чадвар”-ын улсын анхдугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Админ 2020 оны 8-р сарын 13 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС, түүхт 50 жилийн ойдоо зориулан сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд “Сувилахуйн ур чадвар”-ын улсын анхдугаар олимпиадыг 2019.04.29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Олимпиадын хамтран зохион байгуулагчаар ЭМЯ, МСН, ЭХЭМҮТ, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг ажиллаа.
Олимпиадад АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС, Дорноговь аймаг дахь АУС, Дархан-Уул аймаг дахь АУС, Этүгэн их сургууль, Энэрэл дээд сургуульд сувилахуйн мэргэжлээр суралцаж буй оюутнууд сувилах мэдлэг, ур чадвараа уралдуулан амжилттай оролцож багийн дүнгээр Дорноговь аймаг дахь АУС-ийн хамт олон ТЭРГҮҮН байр, ”Сувилах эрдэм” шилжин явах цом, Дархан-Уул аймаг дахь АУС-ийн хамт олон ДЭД байр, Говь-Алтай аймаг дахь АУС-ийн хамт олон ГУТГААР байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Мэдлэг, ур чадвараараа онцгой амжилт гаргасан Дархан-Уул аймаг дахь АУС-ийн сувилахуйн IV дамжааны оюутан О.Жавзандуламыг “Сувилах эрдэм” өргөмжлөл, мөнгөн шагнал, хамтран зохион байгуулагч МСН-ээс 500 000₮ мөнгөн шагнал, 2019.05.08-ны өдөр болох “Сувилагч чамдаа баярлалаа” тоглолт үзэх эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.       
Олимпиадын ерөнхий шүүгчээр МСН-ийн тэргүүн Д.Нямсүрэн, шүүгчээр ХСҮТ-ийн сувилахуйн албаны дарга Д.Дуламсүрэн, ЭХЭМҮТ-ийн сувилахуйн албаны дарга Д.Пүрэвдаваа, Орхон аймгийн БОЭТ-ийн сувилахуйн албаны дарга Б.Эрдэнэцэцэг, Сонгдо эмнэлгийн сувилахуйн албаны дарга А.Мөнхтуяа нар ажиллаа.
МСН-ийн тэргүүн Д.Нямсүрэн хэлсэн үгэндээ “Сувилахуйн ур чадварын олимпиадыг улсын хэмжээнд анх удаа санаачлан зохион байгуулж буй Дархан-Уул аймаг дахь АУС-ийн захиргаа, Сувилахуйн тэнхимийн хамт олонд гүнээ талархал илэрхийлж байна. Энэхүү олимпиадыг зохион байгуулснаар сувилагч мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиуд харилцан туршлага солилцож, оюутнуудынхаа түвшинг сорилоо. Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд төгсөгчдийг ажлын байраар хангадаг II, III шатлалын эмнэлгүүдийн төлөөллийг урьж хамтран ажилласан нь эмнэлэг, сургуулийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан үр дүнтэй сайхан ажил боллоо” гэдгийг онцлон хэллээ. Мөн оюутнуудын ур чадварыг сайжруулах, онол, дадлагын уялдаа холбоог хангахад клиникийн эмнэлгүүдэд  дадлага удирдагч буюу клиникийн чиглүүлэгч багш чухал болохыг шүүгчдийн бүрэлдэхүүн тэмдэглээд, олимпиадад хувийн амжилт гаргасан зарим оюутнуудыг урамшуулан шагналаа. Олимдиадад ТЭРГҮҮН байр эзэлж ”Сувилах эрдэм” шилжин явах цомын эзэн болсон Дорноговь аймаг дахь АУС 2020 оны олимпиадыг зохион байгуулахаар боллоо.

 

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 41
  • Энэ сард: 16,807
  • Нийт: 459,252